Аугаа шүлэгч, зохиолч Чойжилийн Чимидийн шүлгүүд
ГАРЧИГ
Би Mонгол Хүн
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.Өргөн сайхан нутгийнхаа
Өвчүүн дээр нь төрөөд
Өнөр уудам талынхаа
Өнгөт амьдралын төлөө
Амь биеэ зориулдаг
Ариун нандин заншилтай
Өвгөд хөгшид дээдсийн минь
Үрээ гэж найдаад
Үлдээж надад өгсөн
Өнөр Монгол орны
Нар нь намайг гийгүүлж
Нарийн салхи нь үлээж
Найртай сайхан орон минь
Надтай хувь нэг байдаг тул
Унасан энэ нутгаа би
Эхийн сүү шиг санадаг
Энэ нутагтаа би эзэн нь юм
Энхрийлэлд нь өссөн хүү нь юм
Ирээдүйг нь түмэнтэйгээ босголцох
Их үүргийг хүлээсэн юм.Хэрэв хүн эх орноо
Хамгаас үнэтэй гэдэг бол
Хээр тал нутгаа юунаас ч илүү санадаг бол
Ажиллах хөдлөх бүрдээ
Ард түмнийхээ төлөө
Алхах гишгэх болгондоо
Аугаа орныхоо төлөө бол
Алтан шороо руугаа дайрсан
Атаатны хорт сумыг
Аюуш шиг цээжээрээ таглаж
Амиа өгөхөөс буцахгүй бол
Энэ хүн Монгол хүн
Эх орондоо хайртай хүн
Энэ хайр нь монголчуудад
Эртнээс хэвшсэн хайр билээ.Би Монгол хүн болохоор
Биндэрьяа нутгийнхаа төлөө
Бие амь бүх насаа
Авч байгаа амьсгалаа
Оргилж байгаа зоригоо
Алины нь ч хайрлалгүй зориулдаг
Төрөлх нутгаа гийгүүлсэн
Нарны туяанд хайртай би
Төвшин талдаа цуурайтсан
Эгшигт дуунд дуртай би
Ханагар чөлөөт нутгаа
Харах тусмаа баясаж байна
Халуун амиа хайрлахгүй
Зүтгэх зориг нэмэгдэж байна
Онгирч хөөрсөн сэтгэлээс биш
Оргилсон баярт сэтгэлээ
Орчлон дэлхийн өмнө
Одоо дахиад давтах юм бол
Би Монгол хүн болохоор
Нарлаг Монгол нутгийнхаа
Найдварт хөгжлийн төлөө
Насаа зориулсан улс аа
Анд нөхөдтэйгээ
Алаг бяруу шиг номхон байна гэж
Алалдах дайсан учирвал
Арслан бар шиг догшин байна гэж
Зөвхөн үг хэлээрээ зогсоогүй
Зүрх сэтгэлээрээ монголжсон
Зүг зүгийнхээ ах дүү нарын өмнөөс
Зүглэж хэлэхэд бэлэн байна
Өрнө дорно хоёр
Дорно л гэнэ
Өрнө л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ
Хатан дэлхийг
Хаа гуяар нь салгаж байгаа юм шиг
Хаагуур нь
Салгаад
Ялгаад байгаа юм бол?Хотол түмнийг
Хонь хурга ялгаж байгаа юм шиг
Юугаар нь
Зааглаад
Заазлаад байгаа юм бол?
Урал Кавказаар
Ус далайгаар
Салгаад байгаа юм уу?
Хар цагаанаар
Шар улаанаар
Ялгаад байгаа юм уу?
Зүг чигээр
Зүүн баруунаараа
Арьсны өнгөөр
Амны зоргоор
Алтан дэлхийг
Айл хунартай нь
Ард түмэнтэй нь
Ялгаж
Салгаж
Яах гэсэн юм бол?
Бүү мэд!
Үнэнийг хэлэхэд
Ази, Европ ч гэж бий
Америк, Австрали ч бий
Африк, Антарктид ч бий
Улс гүрний хил ч бий
Улаан цагаан арьстан ч бий
Гэвч
Бөмбөрцөг хэрсэн шугам
Бүсэлхий дарсан эквадор
Зургаан тивийн зааг
Зулайн үсний өнгө
Аль нь ч
Улс түмнийг ялгах
Уг үндсээр нь салгах
Чиг замы нь хоёрдуулах
Чин хүслий нь холдуулах
ЁсгүйСуусан нутгаар
Сурсан хэлээр
Хүн төрөлхтөн
Адилгүй ч
Нар гарах цагаар
Сар гарах чигээр
Хүж дэлхий
Ижилгүй ч
Элст Мисрийн пирамид хөшөө
Эрт Грекийн соёл урлаг
Дорнын гүн ухаан
Өрнийн шалгадаг ухаан
Угсаатан бүрийн нөр хичээл
Үндэстэн бүрийн нэр бүтээл
Цөм бүрэлдэнХам хуралдан
Хүн төрөлхтний
Өнийн замнал билээ
Өвийн уламжлал билээ
Урлал, дурлал нь билээ
Ажил амьдрал нь билээӨрнийнх ч гэсэн хүн
Дорных ч гэсэн хүн
Хар арьстай нь ч хүн
Шар цагаан нь ч хүнХүн ингээд
Төрх төрлөөрөөБайр байдлаараа
Төсөөтэй гэвч
Гартаа байгаа зэвсэг багажаар
Урдаа байгаа хэрэг зорилгоор
Номлосон суртлаараа
Ноёлсон сууриараа
Хийдэг тэмцлээрээ
Гийдэг бүтээлээрээ
Ана мана
Ач тач
Ялгагдсаар
Салгагдсаар иржээУудам дэлхий
Улс гүрэн
Тэр ч байтугай
Улс дундуур
Бүр цаашилбал
Айл гэр
Ах дүүгийн хоорондуур
Үзлийн ялгаа
Сүжгийн ялгаа
Ангийн ялгаа
Ангилан зурайж байнаӨрнө дорно гэж
Эсрэг тэсрэг
Ойлголт байхгүй
Өнгөлзөх дайсан
Тонголзох нөхөр гэж
Ялгаа бийУлаан цагаан гэж
Арьсны харш
Өнгө байхгүй
Улаантан, цагаантан гэж
Ангийн харш
Ялгаа бийМиний дорно
Чиний өрнө гэж
Ойлголт байхгүй
Миний коммунизм
Чиний капитализм гэж
Зааг бийТэгээд ч бид
Дорно гэж огсойдоггүй
Өрнө гэж огоордоггүйТивээр бид ярьдаггүй
Эвээр бид ярьдаг
Ижил зүсээр ялгадаггүй
Үзэл санаагаар ялгадаг
Энэтхэг Бүжиг
Бөмбөр нижигнэв
Дэншиг хангинав
Гүндээ
Бүжигчин бурхны дүрстэй тайз цэлийлээ
Хөлдөө
Жижигхэн хонхны эрхитэй охин гарлаа
Тэр охины сайхныг
Тэнгэрийн дагина шиг гайхмыг
Ширтэсхийж баахан харах гэсэн нь
Хиртхийж цочсон юм шиг болсон нь
Хөгжмийн аялгуунд автсан юм байж
Бүжгийн хөдөлгөөн давтсан юм байж
Дун цагаан шүд нь яралзаж
Дуран хар нүд нь тормолзож
Хун шувууны далавч шиг хоёр гар нь үелзэж
Хулан тахийн шилбэ шиг нарийн хөл нь туялзаж
Бүжиг эхэллээ,
Жүжиг гарлаа…
Гэв гэнэт
Эртний угалз болоод махирлан тахирлах шиг
Гэтэл бас
Эрдэний чулуу болоод гялтганан цавцалзах шиг
Идийг үзүүлнэ
Шидийг таниулна
Ам нь хөдлөхгүй мөртөө
Аминчилж надтай ярих шиг
Амьдрал, жаргал дурлалын
Алтан үлгэр тоочих шиг
Хорвоо дэлхийн алзашгүйг
Хонгор сэтгэлийн халдашгүйг
Бүжгээр биш үгээр
Сүжгээр биш үнэнээр
Зөвхөн над ярих шиг
Зөөлөн амьсгаа нь ойртох шиг
Өөрөөс нь бусад юм
Өртөж харагдахгүй болтол
Энэ танхимын чийдэн
Энэтхэгийн нар шиг гялбатал
Сарнай цэцэг
Хамар өөд сэнгэнэтэл
Сайхан дуу
Чихэн дотор хангинатал
Бүжиж чадах урлагийг
Үзэж суух ялдмыг
Хичээж зориуд санахгүй ч,
Хэзээ ч гэсэн мартахгүй …
Дайчин Нөхрийн Дуу
Саарал шинеэлиэ тайлаагүй
Буурал найз минь хаана байна аа
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Дууны ая хангинасан
Найрын дуунд танилцаагүй
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрж
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болж
Цэгц журмын нөхөр болсон юм
Саарал шинеэлиэ тайлаагүй
Буурал найз минь хаа байна аа
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Дарийн утаа цуг үнэрлэж
Харийн манханг хамт тууллаа
Халуун цус минь ижил урсаж
Залуу нас минь өнгөрлөө
Энхийн салхи сэнгэсэн юм
Энхийн салхины тэр аясаар
Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм
Саарал шинеэлиэ тайлаагүй
Буурал найз минь хаана байна аа
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Дараа нь би цэргээс халагдаж
Дайчин нөхөр маань үлдсэн юм
Манаа хүртэл үдэж өгөөд
Санаа алдан гар барьсан юм
Хорин жил өнгөрсөн ч
Хоёр биенээ бид мартаагүй
Энгийн цэргийн хоёул хамт
Эх орны төлөө манаандаа
Саарал шинеэлиэ тайлаагүй
Буурал найз минь хаана байна аа
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү
Was this helpful?
20 / 0