Д.Нацагдорж-н шүлгүүд

Дашдоржийн Нацагдоржийн шүлгүүд

Дорнын их яруу найрагчийн зохиолуудыг нэгэн газар цуглуулав.

Бүх шүлгүүдийг нь нэгэн газар цуглуулахаар түүвэрлэж байгаа.

Mиний Нутаг


Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнууд

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн газар
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Алтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Хүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн нутаг

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуулъя

Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

1933 он

Дөрвөн Цаг

Хавар


Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

Зун


Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.

Намар


Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

Өвөл


Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй

1934 он

Од

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ

Алс газар сурахаар явагч

Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсөн толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа хот цугаар хүний
Залуу хүү хажуугийн цонх түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхоно
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж
Баяслыг харин хэлээр уламжилна
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жирэв, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөрлөж харина

1927он

Mиний Хэнз Хурга

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс, мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дундаас
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроо
Тэр бид хоёр тоглодог
Өвдгөө сөгдөөд
Өөрийнхөө ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр, өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш, цааш дэгдэн
Малчин эзнээ баярлуулдаг

1933 он

Сурцгаая та минь ээ

Эрдэм номыг сурах дүү нар минь
Эрх биш нэгийг оролдоод үз
Эхэлсэн тэр зүйлээ
Эцсийг нь хүртэл оролдоод үз

Энэнд ч бэрхшээл тохиолдоно
Энэ бүгдийг давж байж
Эрдмийг сурч эхэлдэг юм
Ээдээ хичээж үзээрэй, та минь

Энэ үгийг та нарт хэлэх
Эцэг эх чинь би биш
Эгч ах чинь ч биш
Эгэл нэгэн хүн хүсэж байна

Оролдоод ч огт ойлгохгүй
Уншаад ч учрыг нь олохгүй
Урагшгүй явдал их тохиолдоно
Уурлаж, орхиж болохгүй шүү

Ус хэдий тунгалаг боловч
Хөлдөхөөрөө мөс болдог
Ухаан хэдий сэргэлэн боловч
Уурлахаараа мунхаг болдог

Уурлаж уцаарлах хэрэггүй
Уйгагүй оролдож сураад
Улс орондоо тустай юм хийж
Удамт монголоо хөгжүүлье, та минь

1936 он

Хоёр ишиг

Хаврын наран шарлаад өвөлжөөний дотор бүлээн дулаан.
Хотын дунд хонь ямаа майлалдаад
Хоёр ишиг зэлийн хажууд мөргөлдөн наадна
Алаг ямааны ишиг хорин хоногтой
Саарал ямааны ишиг нэг сартай
Хоёулаа нялх болоод бэсрэг
Эвэр нь ургаагүй боловч
Магнай дээрээ өчүүхэн товойжээ
Алаг ямааны ишиг холоос
Хурдан, хурдан гүйн ирж, мөргөн гэдрэг буцна
Саарал ямааны ишиг дороо шилжин, зогсож, хүлээнэ
Хэдэнтээ мөргөлдөн, сургууль хийгээд, хоёулаа зэрэгцэн
Хотонд орж тус, тусын эхийг эрнэ
Хоёр ямаа угтан майлж, хүлээн авах бөгөөд
Хоёр ишиг сөгдөн хөхөх нь хөөрхөн

1933 он

Tүүхийн Шүлэг

Манай монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн мянган жилээс, бид энд оршсоор,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,

Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, тэнгэр уулыг тулсан,

Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, монгол орондоо хоцоргосон,

Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Тюрк, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,

Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан

Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа

Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,

Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.

1936 он

Бид Хоёр

Бид хоёр энэхүү ертөнц дээр хамгийн өчүүхэн амьтан
Бид хоёр орчлонгийн долгиноо учралдаад түүнийг дагалдан хөвнө
Бид хоёр ямар ч догшин ширүүн халивч гар гараан алдахгүй бол манай заяа тэр
Би хаана төрөв? Чи хаана төрөв?
Бид хоёр монгол оронд төрж түүний усаар угаагдсан
Бид хоёр бие биеэ хэдийнээс таньсангүй боловч эрж олов
Бид хоёрыг хэн ч уулзуулсангүй
Бие биеэ үзээд харьцан янаглаж нийлэлдэв
Би чамд хайртай болов. Чи надад хайртай болов
Бид хоёрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов
Бие биеэсээ холдвол өлсөнө
Бид хоёрын өчүүхэн зүрх
Бид хоёрт юу ч хэрэггүй
Гагцхүү янаглал гэдэг нэгэн үнэтэй юм би.
Би чамайг гэнэ, чи намайг гэнэ
Бид хоёр ертөнц дээр ангир шувууны адил явнам
Бид хоёрын сэтгэл
Бие биеэ үзвэл даруй цадна
Би хоёр орчлонг сонирхохгүй
Гагцхүү ижилдсэн сэтгэлээ хайрлалтай яа.
Миний гүехэн сэтгэл өлсөнө
Тэгээд бас амтыг сонгон олж ядна
Ай юунаас болов?
Ямар юм идэхээ хэлж үл өгнө
Гагцхүү амаа ангалзан тэмүүлнэ
Хэмжээ хязгааргүй орчлон биш үү.
Түмэн зүйлийн өнгө цацран гялалзана
Үнэнийг үзэх гэрч бас олдохгүй
Үзүүргүй бэлчсэн хүсэл гэгч тэр мөн
Хэчнээн их зовдгийг би бас төсөөлнө
Хөөрхий туйлын тэнэг сэтгэл ээ!
Хүний сэтгэл эрх дураар юм аа!
Түүнийг хөнөөж хэмжээлж огт үл болно.
Муу биеийг эзлэн дарангуйлаад
Мөн түүнийг төөрүүлэх ч магадгүй, тэгшлүүлэх ч магадгүй
Хэрэв сэтгэлээ цатгалан байлгая гэвэл,
Сайн сайхан огт үл бодогтун
Орхиж чадахгүй болоод хэтэрхий бодвол
Хоосоор чамайг зовоохоос юуны өөр өө!

1936 оны 8-р сарын 15, шөнийн 1 цагт.

Гэргий Хүүхдээсээ Хагацахуй

Нимгэн зөөлөн зүрхэнд минь
Ширүүн хур асгарна
Миний гүн зовлонг
Хэн хэрхэн мэднэ

Эцэг эх хоёулаа,
Энхрий охинтой гурвуулаа
Эндүүрч хоомгойдож бодвол
Энэ гурвуулангийн зовлоон

Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх юмгүй юм гэж үү?
Сар шиг охиноо ширтэж,
Санааны чамайгаа гайхна

Ганц охиноо бодоход
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусална

Хайртай амраг хурц аа!
Хагацах өдөр бас буй
Хоёр сэтгэл гаравч
Гурван зүрх хайчлагдахгүй

Миний нэгэн сэтгэл
Чиний хатан санаа
Охины төрөлх мэдрэл
Хэн нь хэзээ түрүүлнэм.

1936 он

Эндүү Хүн

Алс талын уудам хөндийд адуу мал бэлчсэн нь
Хуудуу Дамдины шүлсийг асгаруулна
Тасалж туугаад шавх гуядахад
Танхай эрийн баярын магнайд хөлс бөмбөрнө
Хот газар авчраад худалдахад
Хосгүй эр ширхэггүй торгоор гоёно
Ховдог хомхой нь илрэхэд
Хуулийн нүд алгасалгүйгээр тасална

1935 он

Гурван Үе

Үзэсгэлэнт охин нэгэн үе
Баян сүргийн хажууд саравчилж
Монгол дуу лимбийн эгшгээр
Жавхлант уул талд цуурайтна

Түмэн жилийн шавар балгас
Ертөнцийн гэрлийг халхалж
Монгол охины соёл эрдэнийн туяа
Харанхуй хэрмийн дотор замхарна


Хай, хөөрхий шагшравч хожимдож
Хайран хорвоо, хойд энгэрийг түшээд
Хасын царай, хонгор бие
Ертөнцийн нүднээ хагас хугас болов

1935 он

Халаг

Харанхуй гэрийн мухарт
Бүдэг гэрэл сүүмэлзэнэ
Хот газар авчраад худалдахад
Хосгүй эр ширхэггүй торгоор гоёно
Ховдог хомхой нь илрэхэд
Хуулийн нүд алгасалгүйгээр тасална

1935 он

Боловсон Ёс

Гаталшгүй усан хүчтэний
Гарц олом гүехнийг эрж яахан барна
Ганц бие амь зулбан гаравч
Гэр орон, эд хогшил хөсөр хаяхад бэрх байв

Боловсон арга дэлгэрснээс хойш
Өндөр талбар, өргөн амыг зохиогоод
Боогдол гачигдлын усан хэрмийг дав,
Үзэсгэлэнт гүүрийг солонго мэт зурайлгав…

1935 он

14 жилийн өмнө

Насан залуу монгол хөвгүүн хурдан хээрийг унаж
Наранд борлож уулын бэлд ойртоно
Найган зугаацах навч цэцэг жигдэрч
Идэр эрийн сэтгэлд бодлого төрүүлнэ

Аавын үлдээсэн өв хөрөнгө мал байдаг болоосой
Адуулж маллаад өсгөж суухсан
Ээжийн хураасан эд хогшил байдаг болоосой
Эвлүүлж эдлэн баяжиж суухсан

Өндөр хад л хажууд сэмхэн ажиглаж
Өөрийн эзэн гэртээ чимээгүй муу санана
Өвгөн буурал эцэг эх минь
Өглөө үдэш бодогдож
Өнчин сэтгэл, хоосон биеийг гутаана

Арван мянган адууны дэлийг чичивч
Аминд ноогдох нэг ч үгүй
Ардаг тарган болтол адуулавч
Авч эдлэх эрх мэдэлгүй

Хөлстэй дээл мөрөн дээр миний хувь
Хөрст дэлхий хөл дор миний тэр
Хүмүүжих газар эзний хаяа
Хөөгдөх өдөр хэзээ ч болзошгүй

Эзгүй тал ширтэн сэтгэл бухимдана
Эзний таргыг харж, нүд өвдөнө
Эрхэм дээдсийн царайг зусардаж тайтгаруулна
Энэ бие эрхгүй хөсөр орхигдоно

Ингэж яваад насыг барна
Энэ насны үйл гэж бодож
Эцэс хойтдоо жаргах болтугай гэж
Эргүү бодлого гашууныг уяруулна

1935 он

Нэгэн Дусал Шүлс

Анаа дацангийн үүд нээгдэж
Арван зүгээс буянтан хурав
Түшлэг, олбог, жавдан хүртэл
Бурханы шавиуд суудал барив

Хэнгэрэг, цан, бүрээ бишгүүр хангинан
Хижиг өвчний гамшгийг арилгах болов
Ард түмний эрүүл энхийн тулд
Рашаан адисалж аврал буув

Буяны мөрийг түм түмээр үйлдэв
Бурханы шавиуд рашааныг тарнидав
Дээд ламаас доод лам хүртэл тарнидаж байтал
Гавж Галсангийн бие муудан ханиалгаж байсан болов

Буянд гамшиггүй гэж бодовч
Бузар шүлс сүрьеэгийн нянг нулимав
Удсангүй түмэн хүнд сүрьеэ тархаж
Нэгэн дусал шүлснээс алтан амиуд сүйдэв

Шинжлэх ухааны эмнэлэг довтлон хүрч
Мянган хүний аминд оров

1935 он

42 Хувиар

Өвгөн Балдан өвдөөд таван сар болов
Энэ ламыг залж, тэр ламаар гүрэмдүүлсээр
Барьж суусан ганц гэрээ хүртэл
Барьцаанд бэлэглэхээр шийдэв

Баруун Гандан, Зүүн хүрээ,
Байдаг газраар явж үзэв
Өвчин ч улам ихэддэг,
Халуун ч улам нэмэгддэг

Ганц эмгэн гаслахаас өөр үггүй үлдэв
Ядуу өвгөн ёолохоос илүү үггүй болов
Арга барагдаж амьсгал давхцаж байтал
Хорины дарга орж ирээд

Хурдан докторт очих хэрэгтэй
Хувь заяа бий болбол эдгэрч болно гэхэд
Докторт очив
Дотоод гадаад эрхтэн бүгдийг үзэв

Дотрын өвчин гэмгүй, гэмгүй
Долоо хоног дотор эрүүл болно гэв
Должин эмгэн хөл газар хүрэхгүй болов
Докторын үг санаанаас гарахгүй байв

Дөчин хоёр хувиарын халуун
Дөнгөсөөр байж гучин найм болов
Өвгөн Балдангийн өвчний нян үхэж дуусав
Өнөөх доктороос илүү эрдэнэгүй болов

1935 он

Өлзийт Өвчин Гэгч

Нас хорин тавхан атал
Ярны шатыг төгсгөөд
Нахиу хамраар шагнуулаад
Ямба тушаал өндөрлөжээ

Арван хэдтэй яртсанаа
Айхтар гайхуулж ярина
Эмнүүлж аргалуулж явсангүйгээ
Эрэлхэг баатар болгоно

Өнгө царай нь өөрчлөгдөөд
Үг өгүүлэх нь хувираад байтал
Өлзийт өвчин яр гэж
Өөрөө бас сайшаан өгүүлнэ

Ийм л буруу тийм л ташаа
Энэ мэт хүн бас л олон ажээ
Юутай хайран залуу нас
Эс сэргэмжилбэл ийм болдог ажээ

1935 он

Үзэсгэлэнт Охин Сан

Цэцэгийн хур орж
Таван өнгийн солонго татахад
Цэмцгэр цагаан гэрийн хажууд
Жавхлант охин зогсох нь үзэсгэлэнтэй

Царайны өнгө арчсан толь мэт
Цав цагаан шүд яралзаж, өдийн хөмсөг зурайна
Харах нүдний хар цагаан нь хослон
Хас чулуунд шигтгэсэн лүн тэн мэт

Энхрий охин энэ жил арван долоон настай
Эцэг эхдээ эрдэнэ мэт хайрлагджээ
Идэр залуусыг өнгөөрөө гялбуулж
Нэгэн аймаг хотод мартагдан хүсэгджээ

Үзэсгэлэнт охин олон боловч
Үнэхээр түүнд тэнцэх нь ховор
Өсөх төлжих амьтан эрдэнэ мэт бөгөөд
Үзсэн хүн бүхний сэтгэлээс үл хагацна

Ийм л нэгэн сайхан охин
Энэхүү ертөнцийн дэлүү болжээ
Эсэн мэнд явахыг
Энэ тэр хэн ч хүсэх бүлгээ

Гэтэл цэцэг өвчний нян
Бүх орчлонг бүрхэхэд
Хэднийээс сэргийлсэнгүйн харгайгаар
Хөөрхий охин өвдөв

Эмзэг зөөлөн бие нь
Хөдөлж чадахгүй болов
Энхрий хөөрхөн охин
Гаслангийн орноо хэвтэв

Өөрийн нүүрийг толинд харж
Үе үе шүүрс алдана
Орчлонгийн царайг хэрхэн үзэхээс
Ичгүүрэн, байн байн бухимдана

Толь шиг царай нь барайж
Жигшмээр хирдхиймээр үзэгдэнэ
Тунгалаг нүд нь үүлтэж
Үзэшгүй болжээ

Урьдах үзэсгэлэнг санах бүр
Хүн бүхэн гашуудна
Урьдаас тариулсангүйн харгайгаар
Ийм болсон нь гэмшилтэй.

1935 он

Халуун Хижиг

Болгож боловсруулсангүй ногоо хоолны зүйл
Буртаг бохир, бузар муу байдлуудаас үүсэж
Гэдэсний халуун хижиг хэцүү догшин нян төрж
Гэр бүл, айл өрхийг сүйтгэн сарниулна
Өвгөд, эмгэд уйлан гасалж зөвлөнг үзнэ
Хүүхэд нялхас үхэж үрэгдэн сэтгэлийг шаналгана
Эд хөрөнгө сүйдэж, айл гэрийг бусниулна
Эцэг эх зовж гасланг эдэлнэ
Энэхүү хүнд муу өвчнөөс сэргийлэхэд
Эртнээс сэргийлэх тарилгыг эс үйлдвэл
Зовлонгийн нулимс нүднээ үүл татна
Гаслангийн дуу цээжнээ бухимдаж уул болно
Хагацсан хайртан шаналж мэдрэл муудна
Халуун зуны бүгчимд сэтгэл мэдрэл доройтно

1935 он

Нэгэд Дусал Цуснаа Tавин Сая

Өндөр хангай халзан уулын бэл дээр
Өвгөн тарвага шагшран шагшран сууна

Анчин Жамсран, амьсгал татан гэтэж хүрээд
Амин зүрхэнд нь алтан товчийг тушаана

Олсон олз, өвчсөн арьсуудаа
Хоршоонд өгч хонжиж баясав

Хоёр, гурав, дөрөв, тавыг өдөрт алдахгүй
Хонжвор хөлс, хоол унданд барах ч үгүй

Амар амгалан сууж байтал
Аюулт өвчин аюулт өвчин

Ард түмэнд ухуулга зарлал
Арчилж хамгаалах ёс журам

Аль учир нь мэдэгдэхгүй ядуу байтал
Аюулт тахлын нян өчүүхэн амьтны тухай

Доктороос таниулсан нь
“Нэгэн дусал цуснаа тавин сая” гэнэ

1935 он

Рашаан

Газрын хол, хөрсний гүнээс гарсан
Ганболд амтыг чанар болгон шингээсэн

Тунгалаг сайхан рашаан ус ертөнцөд үнэлэгдэн
Туул голын орчим комбинатын дэргэд ундарчээ

Эрхтэн мэдрэлийг сувилан чадах эрдэмтэй
Зүрх судсыг шинэтгэн чадах шимтэй

Шинэ мандсан засаг төрд ашигтай
Шинжлэх ухаан тус нэмэртэй

Ийм нэгэн тунгалаг рашаан ундран ундарч
Тийм сайхан шим эрдмийг агуулан чадаад
Улаанбаатар хотын урд тал
Улсын их үйлдвэрийн дэргэд
Түмний сэтгэлийг баясган
Мянганы биеийг засна.

1935 он

Mанийг Хэн АЛНА

Харгис өшөөтөн дайсан
Хутга буугийн зүйл
Хор идээний хөнөөл
Цөм манийг илтэд ална
Харин түүнээс хэцүү
Харагдах үзэгдэх юмгүй
Гасалгаж зовоож байгаад
Хайргүй алдаг өвчин буй
Барьж болох биегүй
Байцаах шийтгэх эрхгүй
Дэлхий дээр дураар сэлгүүцэж
Тохиолдсон хүнийг сөнөөнө
Үүнийг сайхан мэдээрэй
Өөрөө сайхан сэргийлээрэй
Түүнийг захирах газар нь
Эрүүлийг хамгаалах гэгч буй шүү

1935 он

Залуу Нас Цэцгийн Адил

Залуу насанд үхэхийг хэн хүснэ
Бүү өгүүл, хэн ч үл хүснэ
Насан хутгийг гуйхыг хүснэ үү
Бүү өгүүл, хэнээс ч үл гуйна

Эрүүл явбал насан хутаг тэр
Энэ нь гагцхүү өөрийн анхаарал
Идэр насан гэгч нь
Мандарваа цэцгийн адил

Найган ганхах цэцгийг
Намрын салхи гутаана
Идэр сайхан биеийг
Өвчин эмгэг гутаана

Цэцгийг чимэхийн тулд
Өдөр бүр ус шүршинэ
Биеийг арчлахын төлөө
Цаг бүр сэргийлнэ үү!

1935 он

Was this helpful?

300 / 22