П. Гонгор (Өндөр Гонгор) (1880?-1929?)

Өндөр Гонгор буюу Пүрэвийн Гонгор

Purew Gongor, a.k.a Undur Gongor)

Өндөр Гонгор

Пүрэвийн Гонгор нь Монголын түүхэн дэх хамгийн өндөр хүний нэг бөгөөд 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжихэд 2 метр 36 см байсан аж. Мөн Монгол улсын ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсад 1913 онд айлчилахад Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ.

Товч Намтар

НэрПүрэвийн Гонгор
Төрсөн он1880 он ? – 1929 он?
Төрсөн газарСайн ноёны аймаг Далай Чойнхор вангийн хошуу
(одоогийн Архангай, Хөвсгөл аймгийн зааг)

Ард олны дунд өндөр Гонгор хэмээн алдаршсан Гонгор нь Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Жаргалант сумын нутагт 1880 оны эхээр төржээ. Түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг. Тэрбээр 4 хүүхэдтэй байсны 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна.

Дурсамж

Охин Г.Бүдханд амьд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилжээ:

– Аавын эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. Аав хоол их ихддэг болохоор, түүнийг жаахан шоодонгүй байжээ. Тиймээс аав жинчин дагаад их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг эзэн Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулж Богд эзэн:

Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Аавыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан Гонгорыг их сангийнхаа даамал, Богдын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Монгол улсын ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант орос улсад 1913 онд айлчилахад Гонгор бүрэлдэхүүнд нь орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 36 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Yр хүүхдүүдийн ярьж байснаар 50 шахам насандаа 1920-иод оны эцсээр нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан М. Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.

охин Г. Бүдханд 1997 он

Мөн Тэднийтэй айл байсан нэг хөгшин ярихдаа:

– Намайг залуу байхад тэднийтэй айл аймаг олон жил болсон. Гэрийнхээ тооноор толгойгоо гаргаад малаа саравчилчихдаг хүн байсан. Хааяагүй л ийм өндөр хүн байдаг юм байх гээд нэг их сонирхдоггүй л байлаа. Хажууд нь очоод зогсоход миний толгой тохой хавьд нь байдагсан гэж хөөрсөн. Энэ мэтээр өндөр Гонгорыг хэн бүхэн мэднэ гэх. Харин улсын начин цолтой нэгэн байсан гэдгийг тэр бүр мэдэхгүй ээ.

Бөхийн амжилт

Бөхийн хувьд гэвэл хэвт ёсны гуравдугаар (1911) онд Халхын дөрвөн аймаг, шавь таван газар нийлж Очирдарь богд гэгээн танаа гавьжийн дамжаа барьсан ба ээлжийн Бат-Оршил (даншиг) өргөн наадам хийхэд 1032 бөх барилджээ. Энэ наадамд их шавь сангийн дарга, өндөр Гонгор зодоглосон байна. Тэр гурвын даваанд Түшээт ханы Шаравыг, дөрвийн даваанд Сайн ноён ханы Далай вангийн Туваанжанцанг, тавын даваанд Жанжин Чинвангийн Даваасүрэнг, зургаагийн даваанд Их шавийн Уламбаяр арсланг давж даншигийн начин болжээ. Долоогийн даваанд Их шавийн Галсанравжаа буюу Их Монгол Шаравжамцад унажээ. Их сангийн дарга өндөр Гонгор начинд мөн оны арваннэгдүгээр сард есөн лан мөнгө шагнал болгон олгосон тухай албан зүйлд зориулсан мөнгөний данс хэмээх дэвтэрт бичжээ. Түүнээс хойш 1914 он хүртэл уул тахилга, нэг биш даншиг наадамд амжилттай барилдаж байсан түүхэн баримт байдаг. Иймээс өндөр Гонгор начин цолтой бөх байсан нь батлагдаж байгаа билээ.

Was this helpful?

2 / 0