Хөдөө талын үзэсгэлэн
Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан до втлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна.
Өвгөн жолооч ухасхийх, хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө завгүй эргэлдэнэ. Бүртэлзэн харагдагч бараа нэг үе далд орж, нэг үе ил гарна. Удалгүй бүртэлзэн цухуйж, алтан ганжрууд нь өглөөний нарны гэрэлд үзэсгэлэнтэй гялалзана. Тэрхүү хийдийн суврагын тэнд гайхамшигтай манжлага цамхагт өлгөсөн хонхны дуу хангинан жингэнэнэ. Бүрээ, бишгүүрийн дуу үргэлжлэн дүнгэнэнэ. Цам, жахар бүжиглэж байгаа юм байжээ. Хөдөөгийн хүмүүс хэд хэдэн зуугаар хуралдаад, эрээн мярааныг өмсөж, ийш тийш зөрөлдөнө.
Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Сан бэйсийн морины сайхан нь миний дурыг хөвөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юмаа. Маш сайхан морьтой юмаа, морио унаад давхихад манай цог заль сэргэнэ. Ийшээ ширтэж, тийшээ гөлрөн, үүнийг гайхаж, түүнийг бодсоор явтал, олон морьтой хүмүүсийн дундуур нэгэн сайхан саарал морины толгой тэмүүлэн ам нь ангалзаж, хоёр чих нь солбилзон үзэгдэхэд хэдийн миний хоёр нүд гэрэлтэн тусав. Нэг залуу хүүхэн жолоог дугтран зүтгүүлсээр гарч ирэх нь зэрлэг бугын адил өнгөтэй ба цог заль гэрэлтэй, жавхлантай нь түмэн баатар эрсийн боловч зүрхийг чичрүүлэн догдлуулж, төв эрдэмтэн оюутны боловч хүслийг холбилзуулан татна.
Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржгин янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд, түүний дээр залуу охин хормойг цэмцийтэл, гуяыг мөлчийлгөн ороогоод, хөндлөн суужээ. Yзвэл нас арван найм, ес, шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ. Цайвар өнгөтэй зөөлөн царай нь зуны наранд борлоод хоёр хацарт нь улаан туяа тусчээ. Харах нүдний хар цагаан нь хослоод хотын залуу хүний дээр эелдгээр хөдлөх тутам миний нүд эрхгүй дагалдан давхина.
Энгэр нударгыг хар торгоор эмжиж, нарийхан хошмог тавьсан хүрэн ягаан чисчүү дээлийг өмссөн, зүүн ханцуй дотроос нарийхан хурууг цухуйлган, жолоо цулбуурыг хугас барин атгаад баруун ханцуйгаа сул тавин, түүний дотор гараа нуун ташаагаа тулж, буулгасан том нударгыг далбайлган бүрхүүлсэн нь шинэ цаг ийн хээнцэр байдлыг гайхуулжээ. Хоолойн товчийг задгай тавьсны дотуур бас хар торгоор бөөрөнхийлөн эмжсэн цайвар шар дурдан цамцны зах цухуйж, түүний дотор нимгэн цагаан хөрстэй гуа хүзүү үзэгдэхэд хазаад авмаар.
Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгор гутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийг бахархуулжээ. Залуу хүн түүний замыг хөндлөн саатуулж, хэдэн үг асуун хэлэлцэхэд тал газрын бага охин жолоог татаж, дуртайгаар түдгэлзэн хариулан өчиж, бас энэ тэрийг лавлан сонирхоно.
Ташаа нь тэвхийж, хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийм тийш сэжих нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж үгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхэд мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээхэд нь үнсэж шимбэл ханашгүй биз ээ.
Хээр талын дунд хөндлөн гулд давхиж, хөдөөгийн саруулд биеэ гайхуулсан ийм нэг үзэсгэлэнт охинтой учраад, хэрхэн сэтгэл хөдлөхгүй байж болох ажээ. Чинээгээр хичээнгүйлэн хэлэлцэж, сонирхолыг тавина. Өндөр хааны өврөөр нутагладаг гэнэ. Өнөөдөр тэнд буусан гэж өмнө хөндийгөөр угалзалсан эрээн майхан бүрэг бараг үзэгдэхийг заагаад, даруй морио ташуурдан харайлгаж, исгэрэн хатируулсаар одов. Хэрэв би морьтой болоод завтай явсан сан бол доо.
Д. Нацагдорж 1931 он.
Was this helpful?
3 / 1