Жамсрангийн Цэвээн
ГАРЧИГ
( J. Tseveen, Tseveen Jamsranov)
Жамсрангийн Цэвээн нь Судар бичгийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи) -г үндэслэгчдийн нэгэн. Тэрбээр Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хамтран туслагч, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн хүн байжээ. Тэрээр Монголын түүх яруу найраг, дуу, шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлс цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч эрдэмтэн хүн байсан. Мөн зохиол бүтээлээ Жамцранов, Жамсрано, Уулын өвгөн, Мухар огдой, Аюурвасад, Бэгз гэх мэт олон нэрээр нийтлүүлж байв.
Монголын сэхээтнүүдтэй хамтран газар зүйн зураг гаргах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байжээ. 1942 онд (62 нас) хэлмэгдэлтээр насан өөд болсон.
Товч Намтар
Нэр | Жамсрангийн Цэвээн |
Төрсөн он | 1880 он – 1942 он? |
Төрсөн газар | Буряат Аги аймаг (одоогийн ОХУ Буряат Хори аймаг) |
1880 онд Агын Хори Буриадад төрсөн.
1888-1891 онд (8-11 нас) Ага сургууль төгссөн
1891-1894 онд (11-14 нас) Чита дах Оросын гимназид сурч байсан
1895-1897 онд (15-17 нас) Ленинградад Бадмаевын (1851-1919) сургуульд сурч байсан. Гэвч 1897 онд сургууль нь хаагдсан.
1898-1902 онд (18-22 нас) Иркутскийн Багшийн семинарт сурч төгссөн
1902 оноос (22 нас) Петерсбург их сургуульд Барадины хамт (Улаан-Үүдийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор орсон
1903 оны (23 нас) зун буриад монгол ардын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхэлсэн
1904 оны зуныг Оросын хүрээлэнгээс дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийж Нийслэл хүрээ, Ага (Хори) Буриадад байсан
1905-1906 онд мөн адил судалгааны ажлаар зорилгоор Монголд байж Петербургт буцан ирсэн
1907-1908 онд (27-28) Санктпетерсбургын Их Сургуульд ажиллаж монгол хэл зааж байв.
1909-1910 онд (28-30 нас) Өвөр Монголоор аялсан.
1911-1917 онд (31 нас) онд Буриадаас Монголд ирж Нийслэл Хүрээ (Өргөө, Урга)-нд амьдарч байсан.
1911оноос Гадаад хэргийн яаманд ажилтан, Шинэ толи сониний хянан тохиолдуулагчаар ажиллаж байсан.
1912 онд (32 нас) Орос Монголын найрамдлын гэрээ хэлэлцээрт Петербург хотноо орчуулагчаар оролцон тусалан, гадаадын бусад орны элчин сайдуудтай харилцаа тогтоон улмаар Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хулэээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж тусалжээ.
1913-1917 онд Монголд сургууль нээн хичээл зааж, түүний анхны сурагчын нэг нь Х.Чойбалсан байлаа.
1913 (33 нас) онд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хамт Хаант Орост айлчлалд орсон. 3 сарын 5-нд Ерөнхий сайдын заавраар Монголд анх удаа дэвшилт ардчилсан агуулгатай <Шинэ толь хэмээх бичиг> сонинг гаргажээ. Газрын зураг бэлдэх ажилд оролцож байв.
1915 онд (35 нас) Орос Монгол Хятад гурван улсын Хиагтын гэрээ бичигт оролцон монголын талаас Ж.Цэвээн, Цогт Бадамжав нар эх зохиогч, орчуулагчаар ажиллажээ.
1915 оны 9 сарын 1-ээс “Нийслэл хүрээний сонин бичиг” гэдэг сонин Нийслэл Хүрээнд гаргахад оролцов.
1919 оны (39 нас) 3 сарын 30 ны өдөр Эрхүүгийн их сургуулид байхдаа Ж.Цэвээн оюутнуудыг зуны амралтаар Монголд томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутныг Нийслэл хүрээ, Ховдын хязгаарт илгээх болжээ.
1920 оноос Ж.Цэвээн Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын
газарт ажиллаж байхдаа Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнд оролцсон.
1921 оны (41 нас) 3 сарын 1-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэг нь Цэвээн байв. Тэр МАН-ын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож, тус их хуралд хэлэлцүүлжээ. Ардын сургуули байгуулж Ж.Цэвээний бичсэн “Орчлон ертөнцийн байдал” ном 20-оод оны дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байжээ.
1921-1932 оны (41 нас) 11 сард Судар Бичгийн Хүрээлэн үүсэхэд Онходын Жамъян гүний нарийн бичгээр ажиллав.
1924 онд (44 нас) Улсын бага хурлийн гишүүн, 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловруулахад оролцов.
1926-1927 онд эхнэр Бадмажав Германд анхны монгол оютнууд, мэргэн гүн Гомбожавын хамт явсан.
1932-1940 онд (52-60 нас) Ленинградад Эрдэнэбатхантай хамт цөлөгдөж Дорно Дахины институтэд ажиллажээ.
1936 онд (56 нас) <17-р зууны үеийн монгол түүхийн ойллого> номоо Орост орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулсан байна.
1938 онд (58 нас) эхнэр Бадамжав Цэдэновна Улаанбаатарт өөд болсон.
1940 онд (60 нас) 2 сарын 19-нд Оросын дээд шүүхээр шийтгүүлж 5 жилийн гяндан ял авсан.
1942 онд (62 нас) Сталины төмөр нударгатын гарт өртөж, нармай монгол үзэлтэн, харийн тагнуул хэмээх ял тулгуулж, тарчилсаар Оренбургийн шоронд насан өөд болсон.
1993 онд 60 жилийн дараа Оросын засгийн газрын шийдвэрээр хэрэг цагаадсан.
Дурсамжаас
– 1926 онд 18 насандаа Матадын намын өөрийн дарга болж улмаар аймгийн намын их хуралд сонгогдон аймгийн их хурлын даргаар сонгогдож хурал удирдав. Төв хорооны нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ ирсэн байлаа. 9 сард аймгийн намын хорооноос намын 5-р их хуралд төлөөлөгчөөр томилон Улаанбаатарт ирж 5 аймгийн төлөөлөгчидтэй хамт их хурлын тэргүүлэгчдийн эгнээнд хурлын тэргүүлэгч Дамбадорж, Жадамба, Гэлэгсэнгээ, Дорлигжав, Ж. Цэвээн нартай зэрэгцэн суулаа. Улаанбаатарт болсон түүх энэ. Тэгж Цэвээн гуай тай танил болж намайг гэртээ урисан билээ. Цэвээн гуайг дагаж Судар Бичгийн Хүрээлэнд очиж Шагж гуай зэрэг хүмүүстэй танил болсон. Цэвээн гуай Д. Нацагдоржид хэлж Марксын Капиталыг орчуулна гэж хэд хэдэн удаа ярихыг сонссон. Цэвээн гуайн орчуулсан Хөх Монголын Хөх Туг тэр үеийн хүмүүсийн гол уншдаг ном байлаа. 1930-аад онд Цэвээн гуай Ленинград-д байхдаа Жюли Верн-ий 15 наст капитаныг орчуулан, шууд бичгийн машинаар өөрөө машиндаж дуусгаж байхыг би үзсэн. 17-р зууны үеийн Монголын түүх бичиг гэдэг сайхан номыг Ленинградад хэвлүүлсэн. Тэр нь хожим англи хэлээр хэвлэгдэж гарсан байна билээ. Энэ бол Цэвээн гуайн гол бүтээл нь юм. Одоо манай түүхчид судалсаар байдаг. Цэвээн гуай эрдэмтэн Олденбургийн дурсгалд зориулан Монголын Сэцэн хан аймгийн нэг ламд олгосон жуух бичгийг нь судалж орчуулан хэвлэсэн. Энэ жуух бичигт Чингис хааны үеээс уламжлан ирсэн үг хэллэг их байдаг. Цэвээн гуайн бас нэг гавъяатай том ажил бол Буряат үлгэрч нараас Буриад үлгэрийг орос үсгээр галиглан бичиж үлдээж заримыг нь хөрвүүлсэн явдал болно.
Цэвээн гуайг мэргэн Гомбожав бид хоёр Монгол түүхийн талаар лекц уншиж аль гэж Ленинградад байхдаа хэд дахин гуйсан боловч зөвшөөрсөнгүй. Харин Лувсанданзаны Алтан Товч, Цэнд Гүний орчуулсан Нууц Товчооны зарим хуудсыг тайлбарлан өгсөн нь их сонин байж билээ. Цэвээн гуай Цэнд гүний орчуулсан Нууц Товчоог дахин найруулан бичиж байсан бололтой навсгар ноорог түүнд нилээн байсан. Цэвээн гуай нэг ярихдаа Цэнд гүнд би хувиасаа мөнгө төлж орчуулуулсан юм гэсэн. Тэгээд Цэвээн гуай Цэнд гүний орчуулгыг Шинжлэх Ухааны Хүрээлэнгээс шаардаж аваад хадгалж байсан шиг санагдана. Тийм учраас Цэнд гүний орчуулгын жинхэнэ хувь Улсын Нийтийн Номын Санд байдаггүй бололтой. Тэр орчуулгын эх хувь нь Ленинградын эрдэмтний архивт байдаг гэж сонссон.
Ц. Дамдинсүрэн
Was this helpful?
3 / 0